Жуулчны мэдээллийн төвийг олон улсын түвшинд хүргэх боломж бүрдлээ.

Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, гадаад, дотоодын аялагчдыг шаардлагатай аяллын мэдээ, мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх зорилго бүхий “Жуулчны мэдээллийн төв”-үүдийг бий болгох, ялангуяа олон улсын түвшинд хүрэхүйц үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэх үүднээс “Жуулчны мэдээллийн төв - Жуулчинд мэдээлэл өгөх ба жуулчдыг хүлээн авах үйлчилгээ-Шалгуур үзүүлэлт MNS ISO 14785 : 2021” стандартыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс боловсруулж, Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх Аялал жуулчлалын стандартчиллын техникийн хороо /ТХ-40/-ны хурлаар хэлэлцэн дэмжигдэж үндэсний стандартаар баталлаа.  

Энэхүү олон улсын стандартын шаардлагад нийцсэн Жуулчны мэдээллийн төвүүд байгуулагдсанаар Монгол Улсыг зорин ирж буй аялагч, жуулчид аяллаа төлөвлөх, шаардлагатай мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах, аяллын зорих газраа олох, аялал жуулчлалын байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах зэрэг нэгдсэн мэдээллийн платформ бий болж, ирэх жуулчдын тоо нэмэгдэх, аялал жуулчлалын салбар хөгжилд ахиц гарах юм.

Жуулчны мэдээллийн төвд тавих шаардлагуудаас онцлон дурдвал:

  • Үйлчилгээ үзүүлэх байршлыг жуулчид зорин очих хамгийн тохиромжтой газарт, жуулчдын зорчих замын дагуу байрласан байх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байх шаардлагатай.
  • ISO 7001 стандартын шаардлагад нийцсэн тэмдэг тэмдэглэгээтэй байх
  • Зочдод болон ажилтанд зориулсан өргөн цар хүрээг хамарсан мэдээллийн сантай,   
  • Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийг ангилж хадгалдаг, түүнийг жил бүр шинэчилдэг байх
  • Арилжааны үйл ажиллагаа эрхэлж буй Жуулчны мэдээллийн төв нь  хууль тогтоомжийн зохих шаардлагад нийцсэн баримтжуулсан журамтай байх

Энэхүү стандартыг дараах холбоосоор орж дэлгэрэнгүй танилцах боломжтой 

https://estandard.gov.mn/standard/v/6754

 

Олон нийтийн сүлжээнд хуваалцах