Хүнсний ногооны стандартууд шинэчлэгдлээ.

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд  төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилтийгхангахад, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагааны чанар аюулгүй байдлыг хангасан стандартууд зайлшгүй шаардлагатай билээ.

“Хүнсний тухай хуулийн 3.1.2-т “хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байх тухай тодорхойлсон.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр 2017 онд Монгол Улсын төмс, хүнсний ногооны савлагаа, шошгололт, хадгалалтын стандартын байдалд хийсэн дүн шинжилгээ, Стандартчиллын техник ажлын зарчмын дагуу 2018 онд үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшинд үзлэг хийсэн.

Эдгээр дүн шинжилгээ, үнэлгээний дүнд төмс, хүнсний ногооны стандартууд хуучирсан бөгөөд өнөөгийн хэрэглэгчид, тариалначдын шаардлагыг хангахгүй байгаас гэсэн дүгнэлт гарсан юм.

“Монгол ногоо төсөл” нь 2018 оноос төмс, хүнсний ногооны стандартыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн. СХЗГ-ын дэргэдэх ургамлын гаралтай хүнсний стандартчиллын дэд хорооны хурлаар хэлэлцэн 2020 онд баталсан хүнсний ногооны стандартуудыг танилцуулж байна. Холбоос тус бүрээр орж стандартын дэлгэрэнгүй мэдээллийг авах  боломжтой.

Хүнсний ногооны стандартууд батлагдсанаар дараах ач холбогдолтой.

  1. Хэрэглэгчид гарал үүсэл нь тодорхой, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан төмс, хүнсний ногоог хэрэглэх боломж бүрдэнэ.
  2. Эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоог зэрэглэл, хэмжээгээр ангилан савлах, тээвэрлэхэд төдий хэмжээгээр энэ салбарт ажиллах хүчний тоо нэмэгдэнэ.
  3. Мөн хүнсний ногооны агуулах, зоорь шинээр барих, тэдгээрт ажиллах боловсон хүчин, халдвар ариутгал хийх ажилтны ажлын байр бий болно.
  4. Төмс, хүнсний ногоог савлах сав, баглаа боодлын үйлдвэрлэл хөгжинө.
  5. Экспортод нийлүүлэхэд түлхэц болно.

Олон нийтийн сүлжээнд хуваалцах