"MNS ISO/PAS 45005:2020, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" стандартаас үргэлжүүлэн хүргэж байна.

4.4.2 Гэрээсээ ажил хийх

4.4.2.1 Цар тахлын эрсдэлийг удирдах хамгийн үр дүнтэй аргуудын нэг тул байгууллага нь Ажилтныг  боломжтой бол гэрээсээ ажил хийх боломжоор хангах шаардлагатай. Байгууллага нь гэрээсээ ажилдаг ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар ажлын байранд ирж ажиллаж байгаа ажилтанд тавьдагтай адил хариуцлага хүлээдэг. Байгууллага нь гэрээсээ ажил хийхэд тулгардаг саадыг арилгах бүх практик арга хэмжээг авсан байх шаардлагатай.

Байгууллага нь хэнийг гэрээсээ ажил хийж болохыг тодорхойлохдоо ажилтнуудаас дараах асуулт асууна. Үүнд:

a) Та гэртээ ажлаа үр дүнтэй гүйцэтгэх боломжтой юу?

б) Танай гэрийн нөхцөл байдал ажил хийхэд тохиромжтой юу?

в) Та ажлын байранд ирж ажиллахыг хүсэж байна уу?

d) COVID-19-ийн халдвар авахгүйгээр ажлын байран дээрээ аюулгүй очих ба буцах боломжтой гэдэгтээ итгэлтэй байна уу?

4.4.2.2 Байгууллага гэрээсээ ажиллахтай холбоотой эрсдэлийг системтэйгээр үнэлэх,  эрсдэлийг бууруулахад шаардлагатай арга хэмжээ авахын тулд ажилтантай зөвлөлдөхдөө дараах хүчин зүйлийг харгалзан үзвэл зохино. Үүнд:

a) ажилтны гэр бүлийн нөхцөл байдал (жишээлбэл, хүүхэд асрах, асаргааны бусад үүрэг хариуцлага, гэр бүлийн хүчирхийлэл, COVID-19-ийн халдвар авах эсвэл хүндээр өвчлөх эрсдэл өндөр гэж үзэж буй гэр бүлийн гишүүн);

b) гэр орон ажил хийхэд тохирсон байдал (жишээлбэл, хэмжээ, бусад хүмүүстэй орон зай хуваалцах, дуу чимээний түвшин, тохирох гэрэлтүүлэг, эргономикийн асуудал);

c) ажилтан холбогдох систем, мэдээлэлд нэвтрэх боломж (жишээлбэл, имэйл, дундын электрон хөтөч, мэдээллийн сан, холбогдох системийн нэмэгдүүлсэн аюулгүй байдал, гэрээсээ аюулгүй ажиллах заавар);

d) мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглахад байнгын дэмжлэг үзүүлэх хэрэгцээ (жишээлбэл, онлайн хурлын хэрэгслүүд);

e) ажилтан гэртээ  ажил дээрээ ашигладаг тоног төхөөрөмж түр хугацаагаар авч хэрэглэхийг зөвшөөрөх хэрэгцээ,эсвэл нэмэлт тоног төхөөрөмжөөр хангах (жишээлбэл, компьютер, компьютерын дэлгэц, гар, хулгана, эргономикийн хувьд тохиромжтой сандал, хөлийн тавиур, чийдэн, принтер, чихэвч);

f) гэрийн нөхцөлд тохирсон ажлын байрыг бий болгох зааварчилгааны хэрэгцээ (жишээлбэл, нуруугаа цэх суух, байнгын хөдөлгөөн хийх);

g) сэтгэл зүйн эрсдэл (6-р хэсгийг үзнэ үү);

h) хувь хүний болон үл хөдлөх хөрөнгийн даатгал, татварын өр төлбөрт үзүүлэх нөлөө.

Байгууллага нь ажилтан эсвэл түүний гэр бүлийн аль нэг гишүүн COVID-19-ийн халдвар авсан эсвэл хавьталд орсон бол өөрийгөө тусгаарлах эсвэл хөл хорио тогтоох шаардлагатай тохиолдолд юу хийх талаар зааварчилгаа өгөх шаардлагатай.

4.4.3 Бусдын гэрт ажиллах

4.4.3.1 Хэрэв бусдын гэрт хэн нэг гишүүн нь COVID-19-ийн шинж тэмдэгтэй (өөрийгөө тусгаарласан эсвэл хорионд байгаа) эсвэл COVID-19-р хүнд өвчлөх эсвэл халдвар авах өндөр эрсдэлтэй бол ажилтан дараах тохиолдлоос бусад үед энэ гэрт ажил хийж болохгүй. Үүнд:

a) эмнэлгийн болон хувийн асаргаа үзүүлэх (эмнэлгийн болон нийгмийн ажилтан гэх мэт);

b) аюулгүй байдалд үзүүлж буй шууд эрсдэлийг арилгах (жишээлбэл, сантехникч, барилгын ажилтан, цахилгаанчин, хийн инженер яаралтай засвар хийх);

c) хүн хоорондын зай баримтлан хэрэгжүүлж болох эсвэл эмзэг хүнийг хамгаалах талаар авсан бусад арга хэмжээний дагуу бусдын гэрт үүссэн асуудлыг шийдвэрлэх. 

4.4.3.2 Ажилтныг бусдын гэрт ажил хийхэд бэлтгэхдээ байгууллага дараах арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд:

a) ажилтны гэрийн хэн нэг гишүүнд COVID-19-ийн шинж тэмдэг илэрсэн, өөрийгөө тусгаарласан эсвэл хөл хорионы дэглэмтэй байгаа эсэх, эсвэл COVID-19 халдвар авах өндөр эрсдэлтэй тул түүнийг бусад хүмүүсээс тусгаарлахыг зөвлөсөн эсэхийг шалгах;

b) ажлыг цахим эсвэл алсын зайны (видео эсвэл утасны зөвлөгөө гэх мэт) төхөөрөмж ашиглан хийх талаар судлах;

c) ажил эхлэхээс өмнө ажил хэрхэн гүйцэтгэх, эрсдэлийг багасгах ерөнхий аргуудыг хэлэлцэн тохиролцох зорилгоор айл өрхүүдтэй харилцаа тогтоох (жишээлбэл, биеийн контактгүй барилга руу нэвтрэх,айлд орохоосоо өмнө гараа ариутгах ба гарахаасаа өмнө гараа угаах, айлд хүн хоорондын зай барих,хаалганы бариултай харьцах харьцааг багасгахын тулд дотор хаалгыг онгорхой байлгах);

d) нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, ашиглах явдлыг багасгах зорилгоор боломжтой бол ажилтанд ойрхон айлд ажиллах хуваарь хийх;

e) ажилтныг зохих ХХХ, нүүрний хаалт, маск, гар ариутгагч, цэвэрлэх хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах;

f) давтан очих шаардлагатай эсвэл нэг ажил үргэлжлүүлэн хийх бол (жишээлбэл, асаргаа шаардлагатай нэг хүн, нэг цэвэрлэгч) үйл ажиллагааны төрөл, ажилтны тухайн өрхөөс гадуур бусад хүмүүстэй харьцах харьцааг харгалзан ижил хувь хүн, хос эсвэл жижиг багийг өрхөд хуваарилах.

4.4.3.3 Байгууллага нь нэг буюу хэд хэдэн хүн COVID-19-ийн халдвар авсан эсвэл COVID-19 өвчтэй хүнтэй хавьтсан тохиолдолд ажилтан өөрийгөө тусгаарлах, хөл хорио тогтоох нөхцөл байдлыг зохицуулах талаар тодорхой бодлого, үйл явцыг бий болгож, мэдээлнэ (9-р бүлгийг үзнэ үү).

4.4.4 Олон байршилд эсвэл хөдөлгөөнт ажлын байранд ажиллах

Байгууллага гэртээ эсвэл ажлын байранд тогтмол байрлаж гүйцэтгэх боломжгүй үүрэг бүхий ажилтанд (жишээлбэл, жолооч, нийгмийн болон хувийн асрамжийн үйлчилгээ үзүүлэгч, цэвэрлэгч, шуудангийн ажилтан, хүргэлтийн ажилтан, замын цагдаа, засвар, үйлчилгээний ажилтан)аюулгүй ажиллах, аялах, бусадтай харьцахдаа өвчин дамжихаас сэргийлэх зорилгоор дэмжлэг, удирдамж, хангалттай нөөцөөр хангахад анхаарна.

Байгууллага нь ажилтан ба хэрэв байгаа бол ажилтны төлөөлөлтэй зөвлөлдөн, хөдөлгөөнт үүрэгтэй ажилтан янз бүрийн нөхцөлд зохих ёсоор ажиллахын тулд өөрсдийн тохирсон шийдвэр гаргах бүрэн мэдээлэлтэй бөгөөд итгэлтэй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Байгууллага хөдөлгөөнт ажил хийж буй ажилтанд дараах зөвлөмжийг өгч, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай. Үүнд:

a) хүн хоорондын зайн болон эрүүл ахуйн дэглэм мөрдөх (10-р бүлэг үзнэ үү);

b) хүн хоорондын зай барих боломжгүй эсвэл бусад хүмүүс хүн хоорондын зай барихгүй байх нөхцөл байдалд хэрхэн ажиллах зааврыг дагаж мөрдөх;

c) бусад байгууллагад аюулгүй байдал, бусад шалтгаанаар ХХХ, маск, нүүрний хаалт авах  шаардлагатай бол хэрхэн ажиллах зааврыг дагаж мөрдөх;

d) нөхцөл байдлаас шалтгаалан ХХХ, маск, нүүрний хаалт, гар ариутгагч, цэвэрлэгээний бодис, ариутгалын бодис зэргийг хангалттай хэмжээгээр авах боломжтой байх нөхцөлийг хангах;

e) нийтийн бие засах газар зэрэг нөөцөд хэрхэн хүрэх, аюулгүй ашиглах, хоол хүнс, ундааг хэрхэн аюулгүй олж авах, хэрэглэх талаар заавар мөрдөх;

f) шаардлагатай бол хавьтлыг тодорхойлох явцдаа очсон газруудын тухай баримтжуулсан мэдээллийг хадгалах;

g) хэрэв ажилтан эсвэл бусад оролцогч талууд COVID-19-ийн халдвартай хүнтэй хавьталд орсон тохиолдолд хавьтлыг үр дүнтэй илрүүлэх ажиллагааг дэмжих зорилгоор тэдэнтэй удаан хугацааны турш холбоотой байсан эсвэл ойрын хавьталд байсан хүмүүсийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг боломжтой бол хадгалах.

Олон нийтийн сүлжээнд хуваалцах