"MNS ISO/PAS 45005:2020, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" стандартаас үргэлжүүлэн хүргэж байна.

Ажлын байр

4.4.1 Биеэр очиж ажиллах ажлын байр

4.4.1.1 Байгууллага нь ажлын байр (ажил явагдаж буй бүх байр, сайт, бусад газрууд,түүнчлэн барилгын гадна талд) болон эдгээр ажлын байрны доторх байгууламжийн ашиглалтын аюулгүй, цэвэр байдлыг хангана.

Үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зорилгоор байгууллага хамгийн багадаа дараах арга хэмжээ авсан байна. Үүнд:

a) бүх байр, байршил, байршлын хэсэг, түүнчлэн хаалттай буюу хэсэгчлэн ажиллаж байсан хэсгийг үнэлэх;

b) халдвартай байж болзошгүй хүмүүсийг ажлын байранд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах(жишээлбэл, COVID-19-ийн шинж тэмдэгтэй хүн ажлын байранд нэвтрэхгүй байх талаар ажилд ирэхийн өмнө мэдээлэх эсвэл зарлах);

c) тоног төхөөрөмж, системийн засвар үйлчилгээ, ашиглалтын шалгалт хийх;

d) эрүүл мэндийн бусад эрсдэлээс сэргийлэх зорилгоор, ялангуяа усан суурьтай системийг тодорхой хугацаанд ашиглаагүй эсвэл хэрэглээ нь багассан бол (зарим төрлийн агааржуулагч) легионелла болон бусад усаар дамжих өвчний эрсдэлийг үнэлж, хянах;

e) цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг өргөн хүрээнд хамруулах ба давтамжийг нэмэгдүүлсэн хуваарь  тогтоох  (жишээлбэл, цэвэрлэгээ хийх ажлын цаг болон/эсвэл цэвэрлэгээ хийдэг ажилтны тоог нэмэгдүүлэх, бусад Ажилтныг өөрсдийн ажлын талбай, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж, ариутгахыг уриалах);

f) боломжтой бол гар угаах нэмэлт төхөөрөмж суурилуулах, боломжгүй бол гар ариутгах цэг бий болгох (ажил, завсарлагаанд ашигладаг гадаа талбай орно) зэргээр хувийн ариун цэврийн бүтээгдэхүүний хүртээмжийг сайжруулах, эдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд хүртээмжтэй байхад анхаарах;

g) байршил хуваалцаж буй гэрээт гүйцэтгэгчид, менежментийн агентууд, газрын эзэн болон бусад түрээслэгчид зэрэг бусад байгууллагуудтай хамтарч ажиллах, ердийн үйл ажиллагаа болон онцгой байдлын төлөвлөгөөг харгалзан үзсэн байх

4.4.1.2 Байгууллага нь цаашид дараах арга хэмжээг авах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:

a) ажлын байр, тоног төхөөрөмжийг гүн цэвэрлэх, ариутгах;

b) цорго, шүршүүр болон бусад усны эх үүсвэрийг COVID-19-ийн эсрэг хэрэглэх албан ёсны шаардлага хангасан бүтээгдэхүүнээр ариутгах, хэрэглэхээс өмнө зайлах;

c) агааржуулалтын системээр (зохих шүүлтүүр, ашиглалтын хугацаатай) гаднах агаар, өрөөний агаарын өөрчлөлтийг хамгийн их байлгах, агаарын эргэлтийн системийг унтрааж, хаалга, цонхыг аль болох нээлттэй байлгах;

d) ариун цэврийн өрөөг аюулгүй ашиглах зорилгоор зохих хяналтыг хэрэгжүүлэх (12.6.2-ыг үзнэ үү);

e) ердийнхөөс удаан ашиглаагүй тусгай тоног төхөөрөмжийг дахин ажиллуулах, шалгах;

f) галын аюулгүй байдлын систем, түүнчлэн яаралтай тусламжийн гэрэлтүүлэг, дохиолол гэх мэт батерейгаар ажилладаг төхөөрөмжүүдийг турших;

g) санал болгосон хүн хоорондын зайг харуулахын тулд шал эсвэл ханан дээр тэмдэг, тэмдэглэгээг суурилуулах, харааны бэрхшээлтэй хүмүүст харагдахуйц, энгийн, ойлгомжтой, том хэмжээтэй байх;

h) ХАБЭА-н шинэ эрсдэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бусад эрсдэл, сөрөг нөлөөлөл үүсэхгүй байдлаар хүн хоорондын зай барихад шаардлагатай физик саадыг боломжийн хирээр, аюулгүй байрлуулах;

i) аль нэг хэсэгт (12.5-ыг үзнэ үү)хүний ​​тоог хязгаарлах ажлын талбай бий болгох;

j) дундаа тоног төхөөрөмж ашиглах тохиолдолд тухайн төхөөрөмж дээр ажиллах ажлын хэсэг эсвэл хосыг томилох замаар хүмүүсийн тоог хязгаарлах;

k) ажлын цагаар ажилтан гадаргуу, тоног төхөөрөмжийг арчиж цэвэрлэх боломжтой цэвэрлэх, ариутгалын цэгийг бий болгох;

l) хөдөлгөөнт төхөөрөмж, ширээ, ажлын байрыг өөрчлөн зохион байгуулж, хүн хоорондын зайг хангах;

m) хаалганы бариулд хүрэхийг багасгах зорилгоор хаалгыг аль болох нээлттэй байлгах  (галын аюулгүй байдал, хамгаалалт, нууцад шаардагдах хаалгануудаас бусад);

n) ажлын байрнаас аюулгүй нэвтрэх, гарах үйл явцыг бий болгох;

o) коридор, шатны хонгил болон бусад нийтийн газруудад нэг чигийн хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг  шал, ханан дээр суурилуулах, боломжгүй тохиолдолд эрсдэлийг бууруулах бусад арга хэмжээ авах;

p) цахилгаан шат/урсдаг шат ашиглах аюулгүй арга хэлбэр, түүний дотор багтаамжийн хязгаарлалтыг тодорхойлох,цахилгаан шат/урсдаг шатны дотор болон гадна талд аюулгүй ашиглах зааврыг байрлуулахад анхаарах;

q) ажилтны ердийн ажил, уулзалт, боломжтой бол завсарлагаанд зориулж гадаа нэмэлт зай гаргаж өгөх.

Олон нийтийн сүлжээнд хуваалцах