"MNS ISO/PAS 45005:2020, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент– COVID-19 цар тахлын үед аюулгүй ажиллах ерөнхий зааварчилгаа" стандартаас үргэлжүүлэн хүргэж байна.
4.2 Манлайлал ба ажилтны оролцоо
4.2.1 COVID-19 цар тахалтай холбоотой эрсдэлийг үр дүнтэй удирдахын тулд байгууллага дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:
a) манлайлал ба тууштай байдлаа хамтын хариуцлага, аюулгүй ажиллагааны дадлаар харуулах;
b) дотоод бодлогыг тогтмол мэдээлэх, нийцүүлж ажиллах;
Тайлбар: Орон нутгийн, бүс нутгийн эсвэл үндэсний зааварчилгааг мөрдөж болно.
c) COVID-19-ийн сэжигтэй болон батлагдсан тохиолдлыг тайлагнах, удирдахдаа ил тод байх зарчмыг баримтлах, гэхдээ хувь хүний эрүүл мэндийн мэдээллийн нууцлалыг хадгалах (5-р бүлгийг үзнэ үү);
d) шаардлагатай нөөцөөр хангах (8-р бүлгийг үзнэ үү), түүнийг ажилтанд цаг тухайд нь, үр дүнтэй байдлаар хүргэх;
e) ажилтан, байгаа бол ажилтны төлөөллийг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлын талаарх шийдвэр гаргахад оролцуулах, зөвлөлдөх үйл явцыг дэмжих;
f) үйл ажиллагааны хязгаарлалтаас ажиллах боломжгүй болсон эсвэл өөрийгөө тусгаарлах эсвэл хөл хорионы дэглэм барих шаардлагатай болсон ажилтны санхүүгийн нөлөөллийн талаар тодорхой бодлого боловсруулах;
g) үйл ажиллагааны хязгаарлалтаас ажиллах боломжгүй эсвэл өөрийгөө тусгаарлах эсвэл хөл хорионы дэглэм барих шаардлагатай болсон ажилтанд амралт, боломжтой бол өвчний цалинтай чөлөө олгох (ингэснээр өвчтэй байж болзошгүй ажилтан цалингүй болохоос айж ажилдаа ирэхээс сэргийлэх) зэрэг зохих дэмжлэг үзүүлэх;
h) ажилтан болон сонирхогч талууд аюултай тохиолдлыг мэдэгдэх эсвэл асуудал дэвшүүлэхдээ хэрхэн харилцах, эдгээрийг хэрхэн шийдвэрлэх, хариуг хэрхэн хүргэх;
i) ажилтан болзошгүй өвчин, ослын талаар мэдээлэх, эсвэл ажилтан эрүүл мэндэд хортой, аюултай гэж үзсэн ажлаа орхих тохиолдолд түүнд шийтгэл оногдуулахгүй байх;
j) COVID-19-с үүссэн эрсдэлийг удирдах, эрсдэлийг хянах арга хэмжээг байгууллагын бүхий л хэсэгт зохион байгуулан, хэрэгжүүлэх;
k) шаардлагатай бол, COVID-19-тэй холбоотой эрсдэлийг удирдахтай холбоотой мэдээлэл ба зөвлөгөөг эрх бүхий байгууллагаас авах.
4.2.2 Байгууллага нь түүний үйл ажиллагааны нөлөөнд өртөж болзошгүй ажилтан ба хэрэглэгч, үйлчлүүлэгч, олон нийт зэрэг бусад сонирхогч талуудад анхаарал тавих үүрэгтэй. Байгууллага нь тэдний оролцоог дэмжиж ажиллах нь цар тахлын үеэр үүсэж болох хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдалд үзүүлэх эрсдэлийг илүү сайн харах боломжтой болно. Ажилтан ба хэрэв байгаа бол ажилтны төлөөлөлтэй идэвхтэй, байнгын харилцаа холбоотой байжCOVID-19-тэй холбоотой эрсдэлийг илүү үр дүнтэй удирдана.
Байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
a) COVID-19-тэй холбоотой эрсдэлийг үнэлэх, удирдах талаар шийдвэр гаргахдаа ажилтан, хэрэв байгаа бол тэдгээрийн төлөөллийг оролцуулах, оролцоог дэмжих;
b) байгууллага COVID-19-тэй холбоотой эрсдэлийг хэрхэн удирдаж буй талаар ажилтан болон бусад оролцогч талуудад (жишээлбэл, олон нийт, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч, зочид, оюутан, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, зохицуулагч, үйлдвэрчний эвлэл)мэдээлэх(харилцаа холбоог ямар ч тохиромжтой аргаар хийж болно, 9-р зүйлийг үзнэ үү);
c) ажилтан болон бусад оролцогч талуудад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхан байдлыг удирдах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нэг буюу хэд хэдэн аргаар санал хүсэлтээ илэрхийлэх боломж олгох (жишээлбэл, виртуал уулзалт, хамтын ажиллагааны бусад хэрэгсэл, онлайн судалгаа, цахим шуудангаар дамжуулан гэх мэт);
d) ажилтан болон бусад оролцогч талуудын дэвшүүлсэн саналыг цаг тухайд нь шийдвэрлэх, зохих арга хэмжээ авах, авсан арга хэмжээний талаар тэдэнд эргэж мэдээлэх.
Байгууллага шийдвэр гаргагч ба хэрэв байгаа бол ажилтны төлөөлөл нь нийт ажиллах хүчний өөр өөр байдал, жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй ажилтан, эмэгтэйчүүд, өөр өөр үндэстэн, шашны бүлгийн ажилтан, янз бүрийн насны ажилтны тодорхой туршлага, үзэл бодол, хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх нөхцөлийг бүрдүүлнэ.