MNS ISO 22000:2019, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо. Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага стандарт шинэчлэгдэв.

Олон улсын стандартчиллын байгууллага ISO 22000:2005 стандартыг 2018 оны 6 дугаар сард шинэчлэн баталсан.

Энэхүү стандартыг хүнс, тэжээлийн үйлдвэрийн аль ч салбарт байгууллагын хэмжээнээс үл хамааран, бүх байгууллага хэрэгжүүлэх боломжтой бөгөөд          ISO 9001 Чанарын менежментийн тогтолцоо зэрэг  менежментийн тогтолцооны дээд түвшний стандартуудтай ижил  бүтэцтэй тул хамтад нь эсхүл дангаар  нь хэрэгжүүлж болно.

ISO 22000:2018, стандарт нь хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд учирч болох аюулыг хянах чадвартайгаа илтгэх, хэрэглэгчдэд  хүргэж байгаа хүнс нь аюулгүй гэдгийг батлахын тулд байгууллага юуг хийх ёстойг заасан.

ISO 22000:2018 стандарт нь тодорхойлолтуудаа Хүнсний хууль эрх зүйн хорооны нэр томъёотой ижилтгэн сайжруулсан. Энэ нь эрсдлийн үзэл баримтлалын шинэ ойлголтыг өгч, менежментийн тогтолцоон дахь стратегийн болон үйл явцын түвшний эрсдлийн ялгааг гаргасан.

Хүнсний хууль эрх зүйн хороо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүлэг стандарт, удирдамжийг боловсруулдаг. Олон орны засгийн газрын байгууллагууд эдгээр стандарт, удирдамжийг үндэсний хууль тогтоомждоо эш татан, хэрэглэгчдийг аюулгүй хүнсээр хангах бодлогоо хэрэгжүүлдэг. ISO 22000 стандарт нь Кодексийн хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн зарчимд суурилсан ба ингэснээр бодлого боловсруулагчид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шалгууруудыг эш татах, засгийн газар хүнсний аюулгүй байдлын бүх шалгуурууд биелж байгааг хянах боломжийг бүрдүүлнэ.

Монгол улс ISO 22000:2005 стандартыг анх 2007 онд орчуулан баталж байсан ба шинэчилсэн ISO 22000:2018 стандартыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан 2019 онд орчуулан боловсруулж батлуулсан.

Олон улсын стандартын байгууллагаас тогтолцооны стандартыг шинэчилсэн тохиолдолд Олон улсын итгэмжлэлийн форумаас шилжилтийн хугацааг тогтоодог ба энэхүү форумын 2018 оны 15 дугаар тогтоолоор шилжилтийн хугацааг 2021 оны 6 сарын 29-ний өдрийг хүртэл байхаар заасан.

Энэ нь Тогтолцооны баталгаажуулалтын байгууллагаас MNS ISO 22000:2007, Хүнсний аюулгүй байдлын удирдлага-Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага стандартыг үндэслэн олгосон гэрчилгээний шилжилтэд олон улсын итгэмжлэлийн форумын тогтоолд заасан хугацааг баримтлана гэсэн үг юм.

 

Олон нийтийн сүлжээнд хуваалцах